
Хамар хашааны Халтар гуайтай гудамжинд хальт таарав. Ойр зуур яриа өдөх зуур “Амьжиргааны түвшин тогтооно гээд хэсгийн ахлагч нэг охин дагуулчихсан айл айлын хаалга нүдээд явж байна. Төрийн ажил юм болохоор төвөг чирэгдэлгүйхэн шиг асуусанд нь хариулаад гаргалаа. Одоо танайхаар очиж байгаа байх шүү” гэж байна. Үнэхээр ч гэртээ ороод удаагүй байтал нохой боргож, хашааны хаалга нүдэж байна. Мөнөөх амьжиргааны судалгаа авч байгаа хүмүүс мөн аж.
Хэсгийн ахлагч хэлж байна. “Энэ судалгаа хийх айлуудыг түүврийн аргаар сонгосон. Тэр дунд танайх оногдсон байна” хэмээв. Юм бүхний түрүүнд гүйж байдаг болохоор хэсгийн ахлагч гэдэг бидэндээ хамгийн ойр төрийн төлөөлөл. Хэдэн жилийн өмнө иймэрхүү судалгаа авч байсан санагдана. Тэгвэл иргэдийнхээ амьжиргааны түвшинг дахин тогтоохоор шийдвэрлэж Хөдөлмөр Нийгмийн хамгааллын яамны Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газраас энэхүү ажлыг орон даяар эхлүүлээд байгаа нь энэ ажээ. Энэ ажил өнгөрөгч сарын 31-нд орон даяар эхэлсэн бөгөөд нийтдээ 600 гаруй мянган өрх хамрагдах бөгөөд энэ нь Монгол Улсын нийт өрхийн 81 гаруй хувь юм.
Тус судалгаа нь нийгмийн халамжийн бодлогын хүрээнд иргэдэд олгодог хэд хэдэн тусламжид нөлөөлдөг учраас цаашид иргэдэд чиглэсэн бодлого төлөвлөлт хэрэгжилтэнд чухал мэдээлэл болдогоороо онцлогтой. Ер нь бол нэг их төвөгшөөгөөд байх ажил биш ажээ. Иргэний үнэмлэхээ бэлдчихсэн байхад бараг болоод явчихна.
Танилцуулснаар энэ судалгаа нийтдээ 53 асуулттай гэсэн. Тоо нь олон ч асуултууд нь их энгийн, хүн төөрч будилаад байхааргүйгээс гадна иргэд нийгмийн үйлдчилгээний чиглэлээр юу хүсч бодож явдагийг давхар тодруулж байгаа нь олзуурхууштай санагдсан. Тухайлбал, Хүүхдийн мөнгийг ялгавартай олгож байгаа нь зөв эсэх талаархи таны байр суурь, орон сууцны ипотекийн зээл найм эсвэл таван хувь байхын алинийг дэмжиж байгаа, түрээсийн байр, орон сууцны зээлд хамрагдахыг хүсдэг гэхчлэн асуултанд иргэдийн хариултыг авч байна билээ. Тулгамдаж буй асуудлаар иргэдийнхээ санаа бодлыг авч нэгтгэнэ гэдэг сайн хэрэг, цаашдаа бодлогын түвшинд яригдах нь тодорхой. Амьжиргааны түвшинг урьдын адил хэрэглээний зүйлс, үл хөдлөх хөрөнгөөр тодотгож байгаа бололтой юм. Цахилгаан хэрэгсэл, угаалгын машин, телевизор, компьютер, унаа машин, цахилгаан зуухтай эсэхийг лавлаж байна. Түүнчлэн эдэлбэр газар, мөнгөн хадгаламжтай юу гэдгийг тодотгохоо мартсангүй. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдаг үгүйг ч асууж байна. Цаанаас өгсөн судалгаа авах маягт нь иймэрхүү асуулттай бололтой.
Иргэд энэхүү судалгаанд хэр идэвхтэй оролцож байна вэ гэж илүү үгэнд дурлавал: “Зориод ирж байгаа болохоор асуултанд хариулж л байна. Зарим нэг нь манайхыг судалгаанд хамруулсангүй гээд уурлах хүнтэй ч таарлаа. Хүүхдийн мөнгө гэсэн хүн л олон байх шиг байна. Арав хоногт багтаж айлуудаараа орж дуусах ёстой” хэмээв.
АН-ыг эрх барьж байх үед анх хүүхдийн мөнгийг ялгавартай олгох асуудлаар нэлээдгүй маргаан дэгдэж байсныг санаж байна. Тэр үед ЛЕД дэлгэцтэй зурагт, угаалгын машинтай бол дундаж түвшний өрхөд тооцогдож байна гэсэн хэл ам гарч байсан. Харин мэргэжлийн байгууллагынхан үүнийг үгүйсгэж байгаа бөгөөд эдгээр асуултын нийлбэрээр тухайн өрхийн орлогын түвшинг тодорхойлдог учраас угаалгын машинтай гэсэн үндэслэлээр дундаж орлоготой өрхөд тооцно гэж байхгүй гэсэн юм. Тэр дундаа энэ удаагийн судалгааг компьютерийн тусгай программын тусламжтайгаар өөрөөр хэлбэл хүний оролцоогүйгээр боловсруулж гаргана гэж байна. Судалгаанд хамрагдсан иргэд амьжиргааны ямар түвшинд хамаарч байгаагаа долдугаар сарын 1 гэхэд мэдэж болох ажээ.
Эх сурвалж:zaluu.com
СЭТГЭГДЭЛ