БНХАУ ирэх сард болох "ИХ 20"-ийн бүлгийн дээд хэмжээний уулзалтыг угтаж, агаарын бохирдлын эсрэг шийдвэртэй арга хэмжээ авч эхэлжээ. Хятад улс ирэх сарын 4, 5-ны өдрүүдэд Ханжоу хотноо дэлхийд аж үйлдвэрлэлээрээ тэргүүлэгч 20 орны эрх баригчдыг хүлээн авах гэж байна. Орон нутгийн засаг захиргааны үүрэг чиглэлийн дагуу Ханжоу хот болон түүнийг тойрсон бүс нутгийн зарим үйлдвэрийн үйл ажиллагааг лхагва гарагаас эхлэн түр хугацаагаар зогсоожээ.
Түр зогсоох хугацаа ирэх сарын 6-ны өдөр хүртэл хоёр долоо хоног үргэлжлэх юм байна. Мөн дээд хэмжээний уулзалт болох хотоос 100 гаруй км зайтай Шанхай хотын зарим үйлдвэрийг ч түр хугацаагаар хаасан байна. Төв засгийн газрын энэ шийдвэр Хятадын дотоодын болон олон улсын компаниуд ялангуяа Японтой хамтарсан үйлдвэрүүдэд эдийн засгийн хувьд сөргөөр нөлөөлж байгаа аж. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын шийдвэрт багтсан компаниудын үйлдвэрлэл түр хугацаагаар зогсож, орлого нь буурна гэж зарим компани эсэргүүцэх хандлагатай байр сууриа илэрхийлжээ.
Гэхдээ Хятадын Засгийн газар энэ оны хамгийн чухал дипломат үйл ажиллагааг нутагтаа зохион байгуулах эрхийг авсан учир компаниуд төр засгийнхаа шийдвэрийг дагахаас өөр сонголт байхгүй гэж зарим компанийн удирдлагууд хүлээн зөвшөөрсөн байна. Мөн Ханжоу хотод аюулгүй байдлыг чангатгаж, хот даяар аюулгүй байдлын шалган нэвтрүүлэх түр цэгүүдийг байгуулж эхэлжээ. Хотын эрх баригчид ирэх ням гарагаас эхлэн Ханжоу хотод авто замын хөдөлгөөнд хязгаарлалт хийхээр төлөвлөж байгаа аж.
СЭТГЭГДЭЛ