“Чөлөөт, хараат бус хэвлэл мэдээллийн ардчилал дахь үнэ цэнэ” сэдэвт Ардчиллын гурав дахь чуулган зургаадугаар сарын 13-ны өдөр Туушин Бэст Вестерн Премиер зочид буудлын Соёмбо танхимд болж байна.
Уг чуулганы нээлтэд ХБНГУ-аас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Стефан Дүппэл, Конрад-Аденауэр-Сангийн Монгол дахь суурин төлөөлөгч доктор Даниел Шмюкинг, Удирдлагын академийн захирал, доктор, профессор С.Зүльфикар нар оролцож, үг хэллээ. Монгол Улсад ардчиллыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор жил бүр “Ардчиллын бага хурал”-ыг зохион байгуулдаг уламжлалтай юм.
Нээлтийн үеэр Элчин сайд Стефон Дүппэл “Ардчилсан нийгэмд чөлөөт хэвлэл мэдээлэл үнэ цэнэтэй байх ёстой. ХБНГУ ардчилсан нийгэмд шилжсэн Монголын хэвлэл мэдээллийн орчинг сайжруулах, хөгжүүлэх чиглэлд дэмжлэг туслалцаа үзүүлж, хамтран ажилласаар ирсэн. Одоог хүртэл энэ чиглэлээр ажиллаж байна. Хараат бус, гэгээрүүлэх сэтгүүл зүй бол ардчиллын оюуны талх юм. Үүний төлөө хүн бүр хувь нэмрээ оруулна гэж бодож байна” гэж хэлсэн юм.
Чуулганы нээлтийн дараа УИХ-ын гишүүн Л.Болд “Ардчилалд хэвлэл мэдээлэл дөрөв дэх засаглалын үүрэг гүйцэтгэх нь”, ХБНГУ-ын Христийн Ардчилсан Холбоо Намын Холбооны Удирдах Зөвлөлийн гишүүн, др. проф. Дагмар Шипански “Хэвлэл мэдээлэлд итгэх иргэдийн итгэл”, Сант Марал Сангийн захирал Л.Сумати “Монголчуудын хэвлэл мэдээлэлд хандах хандлага”, Хэвлэлийн Хүрээлэнгийн гүйцэтгэх захирал М.Мөнхмандах “Монголд хэвлэл мэдээллийг хэн эзэмшдэг вэ?” сэдвүүдээр илтгэл тавилаа. Үдээс хойш МҮОНТВ-ийн захирал Р.Гандиймаа, “Монгол ТВ” телевизийн дэд захирал Г.Бат-Эрдэнэ “Үндэсний Олон нийтийн радио, телевизийн ардчилалд гүйцэтгэх үүрэг” сэдвээр сонирхолтой хэлэлцүүлэг өрнүүлж, Улс төрийн Боловсролын академийн захирал Ж.Адъяасүрэн чиглүүлэв. Энэ хэлэлцүүлгийн үеэр тодотгож дурдсан зүйл бол дэлхийн зарим улс оронд төсвөөсөө санхүүждэг зарим Үндэсний олон нийтийн телевизүүд хаалгаа хаасан тухай байв. Энэ нь сошиал медиа хөгжиж, давалгаалж байгаатай холбоотой гэж олон улсад дүгнэсэн байна.
Бүтэн өдөр болох уг чуулганыг Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын харьяа Удирдлагын академи, ХБНГУ-ын Конрад-Аденауэр-Сангийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газар хамтран 2015 оноос хойш жил бүр зохион байгуулж байгаа юм.
Ардчилсан нийгэмд чөлөөт, хараат бус хэвлэл мэдээлэл нь иргэдийн үзэл бодол төлвөших, иргэд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, нийгэмд олон ургалч үзэл төлөвших, улс төрийн болон захиргааны бүхий л түвшинд шийдвэр гаргахад оролцох, хяналт тавих болон гаргасан шийдвэрийг олон нийтэд хүргэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, ялангуяа хэвлэлийн эрх чөлөө нь ардчилсан нийгмийн салшгүй нэг хэсэг юм.
Энэ жилийн чуулганаар гадаадын мэргэжилтэн, Монголын мэргэжлийн байгууллагууд, иргэд, сонирхогчдын төлөөллийг оролцуулж, өргөн хүрээтэй хэлэлцүүлэг өрнүүлж байгаа нь чухал ач холбогдолтой гэж зохион байгуулагчид нь үзэж байна. Уг чуулганд нийт 200 гаруй хүн оролцож, илтгэл тавьсан илтгэгчдэд хандан, сонирхолтой асуулт тавьж, хариултаа авч байна. 16 цаг 30 минутаас нийтлэлч эдийн засагч Д.Жаргалсайхан, Ийгл телевизийн сэтгүүлч У.Болортуяа “ Сэтгүүл зүйн цаашдын чиг хандлага: Сошиал медиа/ эрэн сурвалжлах сэтгүүл зүй” сэдвээр панел хэлэлцүүлэг өрнүүлж, “Монгол ТВ” телевизийн мэдээний албаны ерөнхий продюсер Э.Лхагва чиглүүлэн үргэлжлүүлэх юм байна. Үүний дараа нээлттэй хэлэлцүүлэг болох юм.
Б.Баярмаа
СЭТГЭГДЭЛ