Цөлжилттэй тэмцэх олон улсын өдөр жил бүрийн зургаадугаар сарын 17-нд тохиодог. Энэ өдрийг тохиолдуулан НҮБ-аас энэ жилийг “Бидний газар, бидний гэр, бидний ирээдүй” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх шийдвэр гаргажээ.
Энэхүү өдрийг угтаж “Цөлжилттэй тэмцэх ба тогтвортой байдлыг эрэлхийлэх нь” сэдэвт симпозиум зургаадугаар сарын 15-ны өдөр Шангри-Ла Баллрүүмд болж байна. Бүтэн өдөржин болох уг симпозиумыг БОАЖЯ болон холбогдох байгууллага, БНСУ-ын Ойн хорооны дэмжлэгтэйгээр хэрэгжиж буй Ногоон хэрэм төслийнхөн зохион байгуулж байна.
Монгол-Солонгосын эрдэмтэд тогтвортой хөгжлийн тулгуур болох газрын нөөцийг баталгаажуулахад шинжлэх ухааны хамтын ажиллагааг эхлүүлсэн аж. Энэ симпозиумын үеэр цөлжилттэй хэрхэн тэмцэх, тогтвортой байдлыг хөгжүүлэхэд яах ёстой гэх мэт асуудлаар оролцогчид санал солилцон, хэлэлцэж байна.
Байгалийн аясаар сэргэн ургаж байгаа болон ойжуулсан талбай 230.5 мянган га байгаа хэмээн тооцогдож байгаа аж. Энэ үеэр цаашид ойжуулсан талбайг нэмэгдүүлэхээс гадна хуурай гандуу бүс нутагт ойн тогтолцоог бий болгох, мөн газрын доройтлыг бууруулах чиглэлээр зөвлөлдөж байна. Үүний зэрэгцээ гандуу, хуурайшилттай бүс нутагт зөвхөн ой ургуулаад зогсохгүй тэндээс тогтвортой орлого бүрдүүлэх арга замыг чухалчлан эрэлхийж байна.
Тэдний ярьж байгаагаар гандуу бүс нутагт ойжуулалтыг эдийн засгийн эргэлтэнд оруулах, орон нутгийн ард иргэдэд орлогын эх үүсвэрээ тэлэхэд шинжлэх ухаан, технологийн ямар шийдлүүд байгааг таниулан ойлгуулах чухал гэв. Түүнчлэн 2030 он гэхэд газрын доройтлыг тэглэх нь Засгийн газрын бодлогын чухал асуудал болж байгааг тодотголоо. Энэ асуудлыг шийдэхэд Солонгосын эрдэмтэд хувь нэмрээ оруулж байгаа аж.
Монгол Улсын Засгийн газрын 2005 оны 3 сарын 9-ны 44-р тогтоолоор Ногоон хэрэм үндэсний хөтөлбөрийг 2005-2035 онд хэрэгжүүлэхээр баталжээ. Энэхүү хөтөлбөрийг БНСУ-ын Ойн хороо дэмжиж, хоёр орны Засгийн газрын хамтын ажиллагааны гэрээнд тусгасан байна. Хоёр талын гэрээний хүрээнд 2007 оноос Ногоон хэрэм төсөл хэрэгжиж эхэлжээ. Үүний хүрээнд өнгөрсөн хугацаанд гандуу бүс нутгийн нийт 3050 га-д ойжуулалт хийсэн байна.
Энэ хамтын ажиллагаа болон төслийн амжилттай хэрэгжилтэд Монголын талаас ШУА-ийн Газарзүй-геоэкологийн хүрээлэн, МУИС-ийн Ойн тэнхимийн эрдэмтэн судлаачид, Солонгос Улсын талаас Ой Судалгааны хүрээлэн, Донкукийн их сургууль зэрэг таван их сургуулийн эрдэмтэд оролцож, чухал нөлөө үзүүлсээр байгаа аж.
Б.Баярмаа
СЭТГЭГДЭЛ