
Өчигдөр /6-р сарын 21/ АНУ-ын ерөнхийлөгч Трамп Айова мужид цугласан өөрийн дэмжигчиддээ хандан Мексикийн хилийн дагуу босгох ханандаа нарны зай суурилуулах болсноо дуулгалаа. Тэрбээр “Би та нарт урьд өмнө хэзээ ч сонсож байгаагүй содон мэдээ дуулгах гэж байна” гэжээ. Түүний хэлснээр энэхүү зай нь хямд төсөр эрчим хүч олгохоос гадна маргаан дагуулсан хана босгох хөрөнгийн асуудлыг шийдвэрлэх гэнэ.
“Манай улсын өмнөд хэсэгт нар маш ихээр төөнөж халуун байдаг шүү дээ. Тиймээс Мексикийн ханыг нарны зайгаар хийх гайхалтай санааг бодож оллоо. Тэгэхээр хана өөрөө өөрөөсөө эрчим гаргах замаар өөрийнхөө зардлыг төлнө гэсэн үг. Энэ үнэхээр гайхалтай санаа биш гэж үү?” хэмээн Трамп Кедар Рапид хотын талбайд сонгуулийн компанит ажлын үеэр түүнийг дэмжиж байсан шиг сэтгэл нь хөдлөн зогсох олонд хандан хэлжээ.
Тэрбээр АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байх хугацаандаа урд хилээс орж ирэх хууль бус цагаачид болон хар тамхины асуудлыг цэглэхийн тулд Мексикийн хилийн дагуу хана босгож, түүнд шаардагдах хөрөнгийг Мексикийн засгийн газраас гаргуулна гэж байсан юм. Харин Мексикийн ерөнхийлөгч Энрике Пенья Нието энэхүү шаардлагыг биелүүлэхээс эрс татгалзсан билээ.
Ийнхүү Дотоодын аюулгүй байдлын газраас бүтээн босголтын компаниудын дунд хананы хар зурагны уралдаан зарласнаас 200 гаруй компани өөрсдийн бүтээлийг явуулсан байна. Тэднээс өнөөдрийн байдлаар 20 компанийн загварыг шалгаруулаад байгаа аж. Ерөнхийлөгч Трамп хананд нарны зай суулгах энэхүү санааг өөрөө гаргасан гэх бөгөөд хамгийн анх дөрөвдүгээр сард БН-ын удирдлагуудад танилцуулж байжээ.
Орчуулсан: С.Нарангарав
Эх сурвалж: BBC
СЭТГЭГДЭЛ