
Шинэ засгийн газрын танхим бүрдсэнээс хойш буюу нгөрсөн наймдугаар сарын эхээр Монгол Улс “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах асуудал яригдаж эхэлсэн. Төсвийн тодотгол, засгийн газрын мөрийн хөтөлбөрийг УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэгдэх үеэр уг хөтөлбөрт манай улс хамрагдах нь нэгэнт тодорхой болчихоод байсан ч гэж болно.
Сүүлийн өдрүүдэд төр засгийн удирдлагууд Дэлхийн банкны төлөөлөгчидтэй шат дараалсан уулзалт хийж, Стэнд байн хөтөлбөрт хамрагдахад ойлголцолд хүрээд буй юм. Тухайлахад, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат энэ сарын 26-ны өдөр ОУВС-гийн Суурин төлөөлөгч Нейл Сакерийг хүлээн авч уулзах үеэрээ эдийн засгийн хүндрэлээ даван туулахын тулд ОУВС-тай хамтран ажиллаж, тус сангийн ажлын хэсгийнхэнтэй хэлцэл хийж эхлэхэд бэлэн буйгаа мэдэгдсэн билээ.
Засгийн газар эдийн засгийн хүндрэлийг давах, эдийн засгийг тогтворжуулах чиглэлд “Тусгай хөтөлбөр” хэрэгжүүлэхээр ажиллаж буй. Энэ хүрээнд “Стэнд бай” хөтөлбөрийг улсдаа хэрэгжүүлж, төсвийн сахилга батын асуудалд онцгой анхаарахаар яригдаж байгаа юм. Уг хөтөлбөртхамрагдах шат дараатай бэлтгэл ажлуудын хүрээнд өнөөдөр Монголбанкны ерөнхийлөгч Т.Баяртсайхан АНУ-ыг зорих юм байна. Тэрээр АНУ-ын Вашингтон хотноо очиж, ОУВС-д Монгол Улс “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах хүсэлтийг албан ёсоор уламжлах зорилгоор явж байгаа аж.
Монголбанкны зүгээс эдийн засгийн хүндрэлийг даван туулахын тулд ОУВС-гийн “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах зайлшгүй шаардлагатай байгааг удаа дараа тодотгож буй юм. Төвбанк төсвийн сахилга батыг сайжруулах замаар тодорхой хэмнэлтүүдийг хийж, ирэх жилүүдэд Монгол Улс гадаад төлбөрийн тэнцэл дээрээ онцгой анхаарах хэрэгтэйг эрх баригчдад сануулаад байгаа юм.
СЭТГЭГДЭЛ