
Төрийн албыг наймаалцаж 60 тэрбум төгрөг босгох гэж байна хэмээх мэдээлэл тархаж чамгүй шуугиан дэгдээж байсан. Үүний дагуу АТГ, ТЕГ, ЦЕГ эрүүгийн хэрэг үүсгэн хяналт шалгалтын ажил эхэлсэн байдаг ч эцэстээ "эвлүүлэг" хэмээн дүгнэн хэргийг хаасан байдаг.
Гэвч Нийслэлийн прокурорын газраас үүнийг эвлүүлэг биш хэмээн мэдэгдсэн нь эдгээр байгууллагуудыг хүндхэн байдалд оруулав. АНУ-ын Нью-Йорк хотоос хөндлөнгийн шинжээчийн дүгнэлт ирсэн байдаг бөгөөд үүнд мөн эвлүүлэг биш хэмээн дурдсан байдаг. Үүнд "Энэ бичлэгт ямар, ямар хүн орсон талаар хэлээгүй. Зөвхөн эвлүүлэг байна уу, үгүй юу гэсэн ганцхан асуулт асуусан. Хариу нь ямар нэгэн хасалт хийгдээгүй, эвлүүлэг хийгдээгүй, нэг цагт, нэг орчинд хийгдсэн, бичлэг хийсэн төхөөрөмжөө хөдөлгөөгүй байна гэсэн дүгнэлтийг ирүүлсэн" байдаг.
Харин АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Э.Идэрцог хэлэхдээ "Мөрдөн шалгах ажиллагааны үеэр цугларсан нотлох баримтаар нэр бүхий хүмүүсээс гаргаж ирсэн бичлэгийн асуудал бий. Эдгээр бичлэгүүдийг шинжилгээний байгууллага шинжлээд эвлүүлэг байна гэсэн шийдвэрийг гаргасан. Бичлэг хийсэн тоног төхөөрөмж, эх хувиа байлгах шаардлага тавьсан. Бичлэгийн тоног төхөөрөмжийн эх хувь олдоогүй. Нотлох баримт хуульд заасан шаардлагыг хангахгүй байгаа. ЦЕГ, АТГ, ТЕГ-аас хийсэн мөрдөн шалгах ажиллагааны явцад хээл хахууль өгч албан тушаалд томилогдсон байдал тогтоогдоогүй" хэмээсэн нь өөрөө асуудал дагуулж эхлэн АТГ эрх бүхий албан тушаалтнуудын талд ажиллаж байна уу даа гэх хардлагыг төрүүлж эхэлжээ.
Б.Болор
Эх сурвалж: Factnews.mn
СЭТГЭГДЭЛ