
Дундговь аймгийн Мандалговь сумын “Оюуны хөгжил” хувийн цэцэрлэгийн тогооч Ж.О нь 10 сартай С-ийг хооллохдоо хэрцгийгээр зодож, “Хоол идсэнгүй” хэмээн загнаж буй бичлэг өнгөрсөн онд цахим сүлжээгээр тархаж, нийгмийг цочирдуулсан билээ. Уг бичлэг 2015 оны 12-р сарын 1-ний өдөр тус аймгийн Мэргэжлийн хяналтын газарт ирсэн байдаг. Мэргэжлийн хяналтын газраас гэмт хэргийн шинжтэй үйлдэл байна гээд цагдаагийн байгууллагад шилжүүлжээ.
Тогооч Ж.О-г Дундговь аймгийн Цагдаагийн газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах тасгаас Эрүүгийн хуулийн 181.2.1-р зүйлд заасны дагуу шалган, яллах дүгнэлт үйлдэн, хэргийг прокурорт шилжүүлсэн байдаг. Прокурорын байгууллагаас мөн яллах дүгнэлттэйгээр хэргийг Дундговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн Анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Сум дундын Эрүүгийн хэргийн Анхан шатны шүүхээс 2016 оны долдугаар сарын 25-ны өдөр тогооч Ж.О-д холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгүүлэхээр буцаасныг прокурор эс зөвшөөрч, эсэргүүцэл бичсэн байна. Улмаар давж заалдах шатны шүүх 2016 оны есдүгээр сарын 2-ны өдөр хянан хэлэлцээд, прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэжээ.
Анхан шатны шүүхээс 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хэргийг хянан хэлэлцээд, О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Э.ЭНХ-ЭРДЭНЭ
Эх сурвалж:www.medee.mn
СЭТГЭГДЭЛ