
Парапаурлифтингийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 11-ээс 21-ны өдрүүдэд Казакстан улсын Нур-Султан хотод зохион байгуулагдсан. Тус тэмцээнд нийт 77 орны 2700 тамирчид оролцсон байна.
Харин манай улсаас 2 тамирчин, 1 дасгалжуулагчийн хамт оролцсноос -80 кг жинд Г.Ган-Эрдэнэ 38 орны тамирчдаас 28 дугаар байрт шалгарсан бол -107 кг жинд МУГТ Э.Содномпэлжээ 20 орны 21 тамирчидтай өрсөлдөж, алтан медаль хүртэн Дэлхийн аварга болсон билээ. Мөн өөрийн эзэмшдэг дэлхийн рекордыг 247 кг болгож шинэчлэн тогтоосон талаараа өчигдөр мэдээлэл хийсэн юм.
Тэрбээр “Ямартаа ч хувийн амжилтаа шинэчлэн тогтоочихлоо. Одоо "Токио-2020" олимпод л хамаг хүчээ гаргана шүү дээ. Тэрнээс өмнөх тэмцээнүүдэд хамаг хүчээ гаргаад үзүүлчихээр бусад өрсөлдөгч нар маань тэрнээс илүү болох гэж л хичээнэ. Ер нь бол нэг талын бодлого гэж хэлж болно.
Ирэх 9 сард Монгол улсад Азийн аварга шалгаруулах тэмцээн болно. Мөн 9 дүгээр сарын 22-оос 24-ны өдрүүдэд Испани улсын Мадрид хотод “Бинч”-ийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоно” хэмээн ярьжээ.
СЭТГЭГДЭЛ