Б.Лагшми хэмээх бүсгүй нэг хэсэг хэвлэл, мэдээллийн “бай” болсон ч сүүлийн үед усанд хаясан чулуу мэт нам гүмхэн амьдрах болсон.
Түүнийг тэгж их онцолсны учир нь Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, мэргэжлийн сүмогийн 68 дахь их аварга Д.Дагвадоржтой зүй ёсоор холбоотой билээ. Түүнтэй гэр бүл болохоор төлөвлөж байна гэсэн сургаар янз бүрийн “бор шувуу” нисэх болсон.
Гэвч хэн хэн нь энэ тухай ганц ч удаа ам нээгээгүй. Иймд англи, орос, франц хэл эзэмшсэн боловсрол өндөр түүнтэй фэйсбүүкээр холбогдож, албан ёсны тодруулга авсан юм.
-Та одоогоор Монголд байгаа юу, гадаадад уу?
-Малайзын нийслэл Куала-Лумпур хотод мэргэжлээрээ ажиллаж, амьдарч байгаа. Сингапур, Куала-Лумпур хоёрын хооронд “Private group of hospitals” нэртэй эрүүл мэндийн группт юм. Вьетнам болон хуучны соц үеийн орнуудын зах зээлийг хариуцаж байна. Ойрын хэдэн жилдээ энд ажиллах байх.
-Ганцаараа байдаг уу эсвэл гэр бүлтэй болсон уу?
-Миний нөхөр миний ажил, карьер болж байна даа.
-Монголд хаана ажиллаж байсан бэ?
-ЭМШУИС-ийг эмч мэргэжлээр төгсч, АШУҮИС-д арга зүйч, багшаар ажиллангаа сургалтаа үргэлжлүүлсэн. Дараа нь БНСУ-ын нийслэл Сөүл хотод “Yonsei University Severance Hospital”-д хүүхдийн мэдрэлийн эмчээр сурангаа ажиллаж байлаа. Мөн Эрүүл мэндийн яаманд ахлах мэргэжилтэн, АШУҮИС-ийн гадаад харилцааны газрын даргаар ажиллаж байгаад одоо ажиллаж байгаа газраа ирсэн.
-Багшаар хэдэн жил ажилласан бэ. Ямар санагдаж байв?
-Хоёр жил ажилласан. Одоо бодохоор ичээд байдаг юм аа. Өөрөө залуу хүн байж бусдад юу заах вэ дээ. Тухайн үед их л зоригтой байж дээ (инээв.сурв). Ер нь багшийн ажлыг дадлага туршлагатай хүн л хийх хэрэгтэй юм байна билээ. Гадаадын профессоруудыг харахад 50, 60 нас хүрснийхээ дараа багшилдаг юм байна. Харин залуучууд бид өөрсдөө суралцаж, дараа дараагийнхдаа зөв үлгэр дууриал болж явах ёстой байх.
-Багшлах саналыг та өөрөө гаргасан уу. Эсвэл хэн нэгнээс ирсэн үү?
-Манай сургуулийн захиргаанаас тийм санал ирсэн юм аа.
-Өнөөдөр манай улсад энэ айхтар коронавирусын тохиолдол нэг илэрлээ. Харин таны амьдарч байгаа улс ямар түвшинд байна вэ?
-Малайзад одоогоор 117 тохиолдол илэрсэн байна. Ялангуяа сүүлийн долоо хоног эрс ихэссэн. Гэхдээ энэ улсын нийгмийн эрүүл мэнд үнэхээр мундаг юм аа. Яг вирус дэгдэж эхлэх үед бүх зохих ёстой арга хэмжээг сайн авсан. Одоогоор зарим оффисийг хааж, хүн бүрийг хувийн ариун цэврээ сайн сахиж, томилолтоор явахгүй байхыг уриалж байна. Урьдчилан сэргийлэх арга хэмжээ сайн хийгдэж байгаа.
-Та Монголдоо ойрын хугацаанд ирэх үү?
-Ирэх зун буюу долоодугаар сарын үеэр очих санаа байгаа. Гэхдээ энэ коронавирусний улмаас хил хаачихгүй л бол. Уг нь би жилдээ 1-2 удаа очдог л доо. Нэмж хэлэхэд, манай улсын Засгийн газар, эрүүл мэндийн яам шуурхай, зөв арга хэмжээг цаг тухайд нь авч, сайн ажиллаж байна шүү. Нэлээн хэдэн жилийн өмнөхтэй харьцуулахад мундаг болж. Мөн иргэд маань ч ухамсартай, иргэний үүргээ сайн биелүүлж байгаа нь анзаарагдаж байна. МҮОНРТ хэмээх танай байгууллага ч маш өргөн хүрээний, үзүүштэй нэвтрүүлэг, мэдээлэл гаргаж байгаад талархаж байна. Би эндээс танай телевиз, сайтаас бүхийл мэдээллийг авч байгаа. Бүгд тань баяр хүргэж, улам их амжилт хүсэе.
-Өөрийг тань их аварга Д.Дагвадоржтой холбогдож байсныг санаж байна. Яг үнэндээ та хоёр хамт амьдарч байсан юм уу. Хүмүүс болон шар мэдээллийнхэн л тэгж хэлсэн байдаг ...
-Дээр үед болоод өнгөрсөн явдал. Тэгээд ч мэдээж үнэний ортой байсан болоод л хүмүүс ярьсан байлгүй дээ. Тухайн үед найз залуугийн харилцаатай байсан. Одоо үед найз залуу, бүсгүй хэсэг хугацаанд хамт амьдрах бол хүн болгонд л тохиолддог биз дээ.
-Таны найз Х.Сувд гэдэг бүсгүй та хоёрын дундуур орсны улмаас хоёр тийш болсон гэх юм ...
-Тэр худлаа шүү. Ер нь энэ мэт зүйлийг өөрсдөөс нь л лавлахгүй бол манайхан баллана шүү дээ (инээв.сурв). Одоо санаж байгаагаар их аваргын дүүг эмчид үзүүлэхэд тусалсан гээд тэр бүсгүйг хоолонд билүү кофе уухыг урьж байсан. Түүнээс биш манай найз биш ээ. Би маш цөөхөн найзтай. Тэдий хэн нь ч ингэж нэгнийхээ эрийг булаахгүй.
-Д.Дагвадорж та хоёр хэр удаан үерхсэн бэ. Таныг аав, ээжтэйгээ ч уулзуулж байсан гэсэн ...
-Аав, ээжийг нь танилгүй яах вэ. Тухайн үед улсын баяр наадам болж байсан байх аа. Таныг сөхөж асуусан болохоор энэ тухай ярьж байгаа юм шүү.
-Аварга таныг гэргийгээ болгох төлөвлөгөөтэй байсан болов уу?
-Үүнийг тэр хүн л мэдэх байх даа. Ямар ч байсан гэртээ урьж, аав, ээжтэйгээ танилцуулж байсан. Тэгээд ч ямар ч хос үерхэж байгаа залуу, бүсгүйгээ гэр бүлийнхэнтэйгээ уулзуулдаг даа. Аварга байна уу, бизнесмен байна уу, оюутан байна уу, ялгаагүй шүү дээ. Одоо тэр бүхэн өнгөрсөн үетэйгээ өнгөрөг.
-Түүнийг танд “Benz Brabus” гэдэг машин бэлэглэсэн гэсэн. Ийм зүйлийг үнэндээ өөрсдөөс нь л асууж байж уншигчдад үнэн, худал зангилааг гаргах хэрэгтэй шүү дээ ...
-Тэр машин Дагваа өөрийнх нь. Би хэн нэгнээс байр, машин, данс дүүрэн ам.доллар авч байсангүй. Би өөрийн гэсэн байр, машин болон бусад материаллаг зүйлтэй. Гэтэл хүмүүс дандаа буруугаар ойлгодог.
-Их аварга танд анх ямар сэтгэгдэл төрүүлсэн бэ?
-Одоо энэ талаар ярьмааргүй байна аа. Ямар ч байсан мундаг залуу.
-Төд удалгүй таныг алтны уурхайн босс Сүхээ гэдэг залуутай нэр холбосон байсан ...
-Ёстой худлаа. Хүмүүс сайхан зохионо шүү дээ. Худал мэдээ цацна, зураг photo shop хийнэ. Гэвч би Сүхээ гэдэг тэр хүнийг огт танихгүй.
-За тэгвэл энэ сэдвийг орхиё. Таны нэр их өвөрмөц санагдсан. Юуг билэгддэг юм бол ...
-Энэ талаар харин ярьж болно шүү. Энэтхэг бурхны нэр гэсэн. Аав минь хайрласан юм. Эд баялаг, аз, гоо сайхан билэгддэг гэсэн.
-Цаг зав гаргаж ярилцсанд баярлалаа.
ЭХ СУРВАЛЖ: MNB.MN
СЭТГЭГДЭЛ