
ЭМЯ-наас дэлхийн улс орнуудад коронавирусийн халдварын талаар хийсэн тандалт, судалгааны тоймыг хүргэж байна.
Лондонгийн судалгааны баг Европын 25 оронд Ковид-19-ийн оргил үе буюу дөрөвдүгээр сард өвчилсөн гурав хоногтойгоос 18 хүртэлх насны 582 хүүхдэд судалгаа хийхэд европ хүүхдүүдийн дунд нас баралт бага байжээ. Эдгээр хүүхдээс 4 нас баралт бүртгэгдсэний хоёр нь суурь өвчтэй байжээ. Хүүхдэд шинж тэмдэг хөнгөн илэрч, 10 хүүхдийн нэг нь эрчимт эмчилгээнд орсон байна. Хүүхдүүдийн 65 хувьд ходоод, гэдэсний хямрал ажиглагдсан байна.
2. Ковид-19-өөр хүндэрсэн 125 өвчтөний дунд хийсэн Их Британийн Ливерпүлийн их сургуулийн эрдэмтэн Бенедикт Майкл тэргүүтэй судлаачдын дүгнэлтээр коронавирус тархи гэмтээдэг байж болзошгүй. Өвчтөнүүдэд цус харвалт, психоз зэргээс гадна зөнөглөх шинж тэмдэг үүсгэж байна гэж үзжээ. 77 хүнд тархины цус харвалт, 39 өвчтөнд зөнөглөх шинж тэмдэг илэрчээ.
3. АНУ-ын Өвчний хяналт, сэргийлэлтийн төвөөс тус улсад Ковид-19-ийн бодит тоо 2.3 саяас 10 дахин их байж болзошгүй гэж мэдэгджээ. Америкийн иргэдийн 5-8 хувь нь халдвар авсан байх магадлалтай аж. Уг төв түүврийн аргаар тус улсын мужуудаас авсан эсрэг биетийн шинжилгээний үр дүнд тулгуурлан энэхүү дүгнэлтийг гаргасан байна. Түүнчлэн Өвчний хяналт, сэргийлэлтийн төв ахмад настнууд эрсдэлтэй хэмээн үзэж байсан ч тэдгээр нь суурь өвчний улмаас эндэх магадлал илүү гэж үзжээ. Мөн ямар нэгэн суурь өвчингүй, залуу хүмүүс ч Ковид-19-ийн улмаас нас барах магадлал нэмэгдэж байгааг анхааруулжээ.
4. АНУ-д Ковид-19 баруун өмнө, баруун хойд мужид идэвхжиж байгаатай холбогдуулан хөл хорионы дэглэмийг сунгахаар болжээ. Тухайлбал, Техас мужид хөл хориог сэргээх, эмнэлгийн орыг Ковид-19-тэй өвчтөнүүдэд зориулан “суллах” ажлыг зохион байгуулж байна. Мужийн хэмжээнд 4300 иргэн хэвтэн эмчлүүлж байгаа нь зургаадугаар сарын эхэн үетэй харьцуулахад хоёр дахин нэмэгдсэн үзүүлэлт байна.
5. БНХАУ-ын Бээжин хот Ковид-19-тэй тэмцэхэд цаг хугацаа хэмнэх, өвчний халдварын эрсдэлийг бууруулахын тулд өндөр хүчин чадалтай явуулын лаборатори ажиллуулж байна. 9 хэсэгтэй уг лабораторийн гурав нь арчдас цуглуулж, зургаа нь оношилгоо хийх аж. Оношилгооны хэсэгт нийт 14 бүрэн автомат төхөөрөмж ажиллах бол нэг төхөөрөмж нь нэг удаад 96 дээжид шинжилгээ хийх хүчин чадалтай.
6. Бээжин хотод Ковид-19 дахин дэгдсэнтэй холбогдуулан тус хотын захиргаанаас зургаадугаар сарын 25-ны өдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Хурлаар Бээжингийн их сургуулийн 1-р эмнэлгийн Халдварт өвчний тасгийн дарга Ван Гейчян далайн гаралтай бүтээгдэхүүнийг хүнсэндээ санаа зоволтгүйгээр сайтар угааж бүрэн болгож хэрэглэхийг зөвлөжээ. Мөн тэрээр хүнсний захад тархсан халдвар агаарт дэгдэх замаар халдварласан гэжээ. Одоогоор хоол боловсруулах эрхтнээр халдвар дамждаг эсэх талаар нотолгоо байхгүй байгааг онцолсон байна. Мөн Бээжингийн их сургуулийн олон нийтийн эрүүл мэндийн сургуулийн орлогч дарга Ван Пэйю халдвар шууд болон шууд бус замаар тархсан байх магадлалтай хэмээн мэдэгдэв. Удахгүй болох Луут завины баярыг урд хөрш онлайн хэлбэрээр зохион байгуулахаар болсон байна.
7. Европын холбооны улсад хөл хориог сулруулснаас хойш 30 оронд Ковид-19-ийн өвчлөл эрс нэмэгдсэн байна. Ялангуяа Герман, Польш, Испани, Израиль, Англи зэрэг оронд сургууль, нүүрсний уурхай, мах үйлдвэрлэлийн газруудад халдвар голомтлон гарчээ.
8. ДЭМБ Армени, Швед, Молдав, Умард Македон, Азарбайджан, Казакстан, Албани, Босни Герцеговина, Киргизстан, Украин, Косово улсад халдварын тохиолдол огцом өссөн талаар 6-р сарын 25-ны өдөр мэдээллээ
Эх сурвалж: ''gogo.mn''
СЭТГЭГДЭЛ