
-ИРЭХ ОНЫ 1-2 ДУГААР САРД МАШ ХҮЙТЭН БАЙНА-
ХБНГУ-ын цаг уурч Доминик Юнгийн mesastuces.net сайтад "Маш хүйтэн өвөл болно" хэмээн мэдээллэснээс иш татан Европын цаг уурчид дэлхийн оршин суугчдад өвлийг өнөтэй давахын тулд маш дулаан хувцас бэлтгэх хэрэгтэйг анхааруулжээ. Энэ талаар “Jurnal.md”-д уламжилсан байна.
Доминик Юнг олон жилийн ажиглалт, нарийн тооцоондоо тулгуурлан 2017 оны 1-2 дугаар сард маш хүйтэн байхыг онцолжээ. Түүний хэлснээр, энэ өвөл зөвхөн хүйтэн байхаас гадна урт өвөл болох аж. Ирэх жилийн хавар буюу дөрөвдүгээр сараас дулаарч эхэлнэ гэж тэрээр хэлжээ. Түүний таамгийг Америкийн ус, цаг уурын албаны төлөөлөгчид нотолсон байна. Тухайлбал, “AccuWeather” цаг уурч Жо Жо Бастарди болон түүний нөхөд ч Доминик Юнгтэй санал нэг байгаа аж.
Манай урд хөршийн цаг уурчид хүйтэн өвөл болохыг эртнээс анхааруулж буй юм. “China daily”-д: Хятадын цаг уурчид 2017 оны өвлийг 2012 оноос хойш тус улсад тохиолдох хамгийн хүйтэн өвөл болно гэж таамаглаж байгаа талаар мэдээллэжээ. Ялангуяа Хятадын баруун хойд, зүүн хойд (Монгол улстай нэг өргөрөгт оршдог бүс нутгууд) хэсэгт ойрын хэдэн сард онцгой хүйтэрнэ гэсэн байна.
Цаг уурчид ийнхүү хүйтэрч буйг Номхон далайн усны гадаргын температур дунджаасаа буурахад хүргэдэг Ла Ниньа (Эл Ниньогийн эсрэг үзэгдэл) үзэгдэлтэй холбон тайлбарлажээ.
Хятадын Шинжлэх Ухааны Академийн Атмосферийн Физикийн Хүрээлэнгийн судлаач Зень Фэй хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Ла Ниньа" үзэгдлийн нөлөөгөөр манай орны энэ өвлийн агаарын хэм дундаж хэмжээнээсээ Цельсийн 0.5 хэмээр бага байна” гэжээ.
Өмнө нь 2008 онд Ла Ниньагийн нөлөөгөөр Хятадын өвөл хүйтэн болж, 21 мужийг цасан шуурга дайрснаас 107 хүн амиа алдсан. Энэ удаагийн хүйтрэлт 2008 оныхоос харьцангуй сул байх төлөвтэй байгаа аж.
Оросын хэвлэл мэдээллийн хэрэгслээр ирэх өвөл нэлээд хүйтэн байна хэмээн анхааруулжээ. Манай улсын хувьд зуд болж болзошгүй гэсэн болгоомжлол бий тул Цаг уур шинжилгээний хүрээлэнгээс Монголд ч мөн адил их хүйтэн өвөл болно гэдгийг анхааруулж байгаа аж. Бөмбөрцгийн хойд бүсэд "Ла нинья"-гийн нөлөөллөөр хүйтний эрч тархаж, Монголд Сибирээр дамжин ирнэ гэж цаг уурчид онцолж байна.
Эх сур:medee.mn
СЭТГЭГДЭЛ