Монголын Худалдаа, хөрөнгө оруулалтын чуулган, Монголын бараа, бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, соёлын өдрүүд АНУ-ын Вашигтон хотноо ирэх сард болно. Үүнтэй холбоотойгоор зохион байгуулагч болон оролцогч байгууллагууд болох ХХААХҮЯ, МҮХАҮТ-аас өнөөдөр цахим уулзалт зохион байгуулж, мэдээллээ.
Үзэсгэлэн худалдаанд оролцох ААН-үүдийн АНУ, Канад зэрэг олон улсны зах зээлд гаргах бараа, бүтээгдэхүүнийг судалж байна.
ХХААХҮЯ-ны Хөнгөн хүнсний бодлого хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Н.Дондогдорж, Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд бүтээгдэхүүнээ гадаадад сурталчилах, уул уурхайн бус салбарын бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх зорилгоор энэ үзэсгэлэн худалдааг АНУ-д зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж гэж буйг онцлов.
АНУ-д гарах Монголын бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаанд нэгдсэн байдлаар бэлтгэж байна.
Тодруулбал, ХХААХҮ-ийн сайдын тушаалаар уг үзэсгэлэн худалдааг зохион байгуулах чиг үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж, ЖДҮ-ийн газрын дарга Я.Эрдэнэсайхан ахалж буйг дуулгалаа. Ажлын хэсэгт арьс шир, ноос, ноолуур, оёдлын зэрэг салбар үйлдвэрлэлийн мэргэжлийн холбоодын төлөөлөл ач холбогдол өгөн оролцож бэлтгэж байна гэв.
Монгол Улс мал аж ахуйн бүтээгдэхүүн, үйлдвэрлэлд гарал үүслийн хариуцлагатай мөрдөн мөшгих тогтолцоог, ялангуяа ноолуурын үйлдвэрлэлд нэвтрүүлж буй олон улсын баталгаажуулалтын тогтолцоог хэрэгжүүлж буйг энэ удаагийн АНУ, Канадад гарах “Монголд үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдааны үеэр харуулахыг зорьж байгаа аж.
СЭТГЭГДЭЛ