Америкийн “Relativity Space” компанийн гурван хэмжээст /3D/ принтерээр “хэвлэсэн” анхны пуужин болох “Terran 1” дэлхийн тойрог замд орж чадаагүй байна.
Уг пуужинг гуравдугаар сарын 23-нд АНУ-ын Флорида муж улсын Канавералын хошуун дахь сансрын буудлаас хөөргөжээ. Метан хийгээр ажилладаг есөн “Aeon 1” хөдөлгүүрээр тоноглосон эхний угсраа нь пуужинг хөөргөснөөс 2 минут 45 секундийн хоёр дахь угсраанаас амжилттай салжээ.
Үүний дараа пуужингийн хоёр дахь угсрааны /хурдасгуур блок/ хөдөлгүүр ассан боловч хэсэг хугацааны дараа удааширсан байна.
Гэсэн хэдий ч “Relativity Space” компани 85 хувийг нь “3D” принтерээр бүтээсэн пуужингийнхаа эхний туршилтын хөөргөлтийн үр дүнд сэтгэл хангалуун байна. Тус компанийнхан “Terran 1”-ийн туршилт үргэлжилнэ гэж найдаж байгаа бөгөөд энэхүү пуужингаас илүү том, дахин ашиглах боломжтой “Terran R” зөөгч пуужинг бүтээхээр ажиллаж байгаа аж. Уг пуужинг 2024 онд хөөргөхөөр төлөвлөжээ.
СЭТГЭГДЭЛ